Б.ТЭМҮҮЛЭН: Гадаад хэл дээр ном унших үед тархи жинхэнэ утгаараа ажиллаж, идэвхжиж, хөгждөг

GEGEE Education Center
6 min readDec 15, 2020

--

“Хөл хорионы үе бол хятад, англи хэлээ сайжруулах том боломж юм” гэдгийг манай суралцагчид та бүхэнд захьсаар байгаа. Тэдний нэг болох Б.Тэмүүлэн “Gegee Talks” булангийн энэ удаагийн дугаарт оролцлоо. Б.Тэмүүлэн нь Итали улсад 20 жил амьдарч байгаа бөгөөд “Гэгээ” боловсролын төв онлайн ангиа нээхийг хоёр жил хүлээсэн нэгэн юм. Тэрээр манай цахим сургалт эхэлмэгц англи хэлний ангид сурч эхэлснээс хойш өдгөө гурван сар өнгөрчээ. Түүний мэдлэг, чадвар энэ хугацаанд хэр сайжирсан бол? Хамтдаа сонирхъё. Нэмж хэлэхэд, Б.Тэмүүлэн үеийнхэндээ хандан гадаад хэл сурах нь тархины хөгжилд ямар нөлөөтэйг нээлттэй ярилцсан байгаа шүү.

- Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Сайн байна уу. Намайг Б.Тэмүүлэн гэдэг. 47 настай. Итали улсад гэр бүлийнхний хамт амьдардаг. Энэ улсад ирээд 20 жил болж байна. Герман, итали, франц хэлтэй. Одоогоор англи хэл сурч байгаа.

- Та хэзээнээс англи хэл үзэж эхэлсэн талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

- Би сүүлийн таван жил англи хэл суръя гэж бодсон боловч сургалтад суусан удаагүй. Бусдын яриаг сонсоод цээжилж авсан 10 үгээ ашиглаад л ойр зуурт хүнтэй ярьчихдаг байлаа. Харин коронавирусээс үүдсэн хөл хорионы үеэр танай төв онлайн сургалтаа явуулж эхэлснээр англи хэл тууштай үзлээ.

- Та зорин зорин “Гэгээ” боловсролын төвд англи хэл сурч эхэлсэн гэж сонссон. Яагаад манай төвийг сонгох болсон нь сонирхолтой байна?

- Би “Гэгээ” төвийг Д.Болдбаатар багшаар дамжуулан эртнээс мэддэг болсон юм. Тэгээд 2 жилийн өмнө Монголд очихдоо хоёр хүүхдээ “Номтой бамбарууш” сургалтад суулгасан. Тэднийг эх монгол хэлээрээ уншиж чаддаг болоосой гэж бодсон доо тэр. Хүүхдүүд маань ч сар хүрэхгүй хугацаанд “Номтой бамбарууш” сургалтад суугаад монголоор овоо уншчихдаг болсон. Тиймээс надад арга барил нь үр дүнтэй санагдсан юм. Тухайн үед хүүхдүүдээ хүргэж өгөхийн хажуугаар өөрөө англи хэлний ангид давхар суухыг хүссэн ч хичээлийн цаг таараагүй. Италид буцаж ирснийхээ дараа нэг оюутан дүүгээсээ “Гэгээ” төвийн арга барил үр дүнтэй гэж дахин сонссон.

Арга барилд нь итгэчихсэн байсан болохоор Италид ч, Монголд ч тэр өөр сургалтын төв хайгаагүй. “Гэгээ”-ийн онлайн анги эхлэхийг л өдий хүртэл хүлээж байлаа.

- Сайхан түүх байна. Манайд нийт хэр хугацаанд хэдэн түвшний ангид суусан бэ?

- Онлайнаар түвшин тогтоолгоод би хоёрдугаар шатнаас эхлэн сурахаар болсон. Нийт гурван сарын хугацаанд зургадугаар шатыг дуустал суусан байна. Надад айхтар нарийн, мэргэжлийн түвшний мэдлэг хэрэггүй. Ном уншчихдаг, өдөр тутамд ашиглах дүрмээ мэддэг байхад хангалттай болохоор би зургаадугаар шат хүртэл явъя гээд зорьчихсон байсан юм.

Миний англи хэлний мэдлэг, чадвар яг хүссэн түвшинд маань хүрснийг илт мэдрээд байгаа.

Subtitle-тай кино үзээд сайн ойлгож байна. Үгийн нэг л утгыг мэддэг байсан бол одоо хоёр дахь, гурав дахь утгыг нь таньдаг болсон. Урьд нь уншсан номоо дахиад харахаар утга, хэрэглээ нь толгойд тодоос тод буугаад байгаа. Миний хамгийн сүүлд уншсан “Partner” бол нэлээдгүй хүнд дүрэм, хэллэгээр бичигдсэн зохиол. Тэр номны хоёрдугаар хэсгийг бие дааж уншихаар ерөнхий утгыг нь гаргаж чадаад байна. Анх бол юун ойлгох байснаа бодвол хамаагүй өөр болжээ. Ялангуяа дүрмийн ангид суусны дараа өмнөх уншсан номуудаа эргэн харахаар өгүүлбэрийн бүтэц нь задарч харагдаад, тун сайн ойлгодог. Номыг 100 хувь мэдэрч, ойлгоно гэдэг тэр байх даа.

- Та хаа холоос манай цахим сургалтад суусны хувьд онлайн ангийн давуу талыг хамгийн ихээр мэдэрч байгаа байх даа?

Тэгэлгүй яах вэ. Монголд ч тэр, гадаадад ч тэр онлайн хичээл шиг хэрэгтэй зүйл үгүй болчихлоо. Түгжрэл гэх зэргийн илүү зүйлд цаг үрэхгүй, гэрээсээ тухтай сурчихна. Тараад гэртээ хариад номоо уншина гэхгүй, хичээл дуусаад шууд тухайн өдрийн хичээлээ давтчихна. Дэлхийн хаанаас ч байсан холбогдчихно. Онлайн сургалтыг зүгээр л өгөөжтэй гэж хэлбэл багадахаар байна. Ялангуяа гадаад хэлний сургалтыг цахимаар сурах их тохиромжтой санагдсан.

- Энэ хугацаанд та хэн, хэн багшийн ангид суусан бэ. Багш нарынхаа талаар сэтгэгдлээ хуваалцвал?

- Би Т.Баярын ангид гурван шат, Э.Цэлмэг багшийн ангид хоёр шат суусан. Хоёулаа их сайн багш. Т.Баяр багш сурагчид асуулт тавих үед сонирхолтой жишээ авч, сайн тайлбарлаж өгдөг нь таалагдсан. Түүнээс гадна сурагч бүрээ анхааралтай сууж байна уу, хөдөлж байна уу гэдгийг ажиглаж, шаардлага тавьдаг, их яс ханддаг. Хэдэн жил хичээл зааж байгааг нь мэдэхгүй ч их туршлагатай багш шиг санагддаг.

- Т.Баяр багшид “анхаарлаа төвлөрүүлж суу” гэж их зэмлүүлэв үү. Одоо та хэр сайн суудаг болсон бэ?

- Эхэндээ ч амаргүй байсан шүү. Олон жил хичээлд суугаагүй болохоор анхаарал төвлөрөхгүй, удаан суухаар бие чилээд, суудлаа засмаар санагдана. Жаахан хөдөлчихөөр Баяр багш “битгий хөдлөөд байгаарай, томоотой суу” гэнэ. Гэхдээ яваандаа дасдаг юм билээ. Сүүлдээ хичээлийн хоёр цаг бол нүд ирмэхийн зуур өнгөрдөг болсон. Танай сургалтад сурсны хүчинд нэг ажилд төвлөрөөд хэдэн цаг суухад ажрахаа больжээ. Одоо хоёр хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ анхааралтай, зөв суулгаж сургахыг хичээдэг болоод байгаа. Сурагч хүн шиг цэх, номхон суухад ширээ, сандалны өндөр, нам хүртэл чухал юм билээ. “Гэгээ”-ийн энэхүү зөв суулгаж сургадаг арга барил их өгөөжтэй.

- “Гэгээ”-ийн арга барилын өөр нэгэн өгөөжтэй тал бол хүн шинэ хичээлээ тухай бүрт нь давтах дадалд суралцдаг шүү дээ. Та хичээлээ яаж давтдаг байсан бэ?

- Би Монголын цагаар 19, эндхийн цагаар 15 цагт хичээлдээ суудаг байлаа. Эхэндээ хичээл тараад оройн хоолоо хийж идчихээд оройн 10 цаг хүртэл дор хаяж хоёр цаг яс давтсан. Аудио номоо сонсоно, өөрөө бие дааж уншина, дараа нь унаган англи хэлтэй хүний бичсэн аудио хувилбарыг сонсоно. Ер нь их идэвхтэй суудаг байжээ. Хүн бүрт насны онцлог гэж байна. Би 40 гарсан хүн. Олон жил номын дуу сонсоогүй болохоор тархи эхэндээ амар хүлээж аваагүй. Тиймээс өөрийгөө нэлээд хүчилсэн.

Шинэ зүйл сураад, давтаад байхаар хүний тархины ажиллагаа сэргээд, өмнөхөөсөө хурдан ажилладаг болдог юм байна.

Эхэндээ өдөрт хоёр цагийг давталтад зориулдаг байсан бол сүүлдээ 1 цаг, бүр 30 минут суухад л хангалттай болчихдог юм билээ. “Wonder” их амархан ном шүү дээ. “Wonder”-ийг бол өдөрт 30 минут л давтдаг байсан.

- Та манайд хоёрдугаарт шатнаас сурч эхэлжээ. Одоо “Wonder” бол амархан ном” гэж ярьж байна. Тэгэхээр нэлээд сайжирсан нь мэдэгдэж байна шүү?

- “Partner”-ийг уншсаны дараа “Wonder”-ийг эргээд хараарай, амархан ном гэдгийг нь ойлгох болно” гэж багш хэлж байсан. Үнэхээр л амархан байсан юм билээ. Анх бол энэ номыг уншаад ойлгохгүй, утгыг нь 30–40 хувь гаргахтай, үгүйтэй байсан. Харин одоо бол өөр. Яах вэ, бүтэн номон дунд 1, 2 цээжлээгүй үг гарч ирнэ. Гэхдээ тэр үгнүүдийг тольдож харахгүйгээр зохиолоо маш сайн ойлгоод байгаа нь чухал. Танай арга барилын л ач шүү дээ.

- Та “Гэгээ”-ийн арга барил гэж олон удаа хэллээ. Тэгвэл “Гэгээ”-ийн арга барил гэж таны хувьд чухам юу вэ?

- Ерөөсөө л зөв сууж, төвлөрөх. Хэрвээ зөв сууж, төвлөрөхгүй л бол 3, 4 цаг суугаад ч ном толгойд орохгүй. Эхлээд төвлөр. Дараа нь унш. Зөв суугаад төвлөрчихсөн хүн номыг 1, 2, 3 удаа уншина. 4 дэх удаад нь бараг цээжилчихсэн байна. Дараа нь ер мартахгүй.

- Та их сайн ойлгосон байна. Ер нь гурван сарын өмнөх та болон одоогийн та хоёрын хооронд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

- Саяхан манайд монголоор тааруу, англиар сайн ярьдаг нэг хүүхэд ирлээ. Тэр хүүхэдтэй бол би англиар ярьчхаад л байна лээ. Кино үзээд гайгүй ойлгодог болчихсон. Намайг сургалтад сууж эхэлснээс хойш манай эгч над руу англи хэл дээрх мэдээ, нийтлэл явуулдаг болсон. Тэр материал руу нь орж үзээд ерөнхий утга санааг нь ойлгоод уншчихдаг. Урьд нь бол над руу ингэж мэдээ явуулдаггүй байлаа шүү дээ. Тэгэхээр өдөр тутамдаа өөрийгөө сайжирснаа мэдрээд, англи хэлээ ашиглаад л байгаа. Би долдугаар сард англиар ярьдаг хүмүүсийн дунд очно. Тэр үед өөртөө гарсан өөрчлөлтийг жинхэнэ утгаар нь мэдэж авах байх.

- Таны үеийн, гадаад хэл сурахыг хүсдэг ч үйлдэл хийлгүй, бодоод л яваад байдаг олон хүн бий. Та тэдгээр хүмүүст урам зориг болохуйц зөвлөгөө эсвэл мэдээлэл өгвөл?

- Би англи хэлийг сурахаар эрчтэйгээр мэрийсний нэг шалтгаан бол, манай хүү энэ жил дунд сургуулийн нэгдүгээр ангид ороод, англи хэлийг гүнзгий түвшинд үзэж эхэлсэн юм. Тиймээс би хүүгийнхээ хичээлийг давтуулж, дэм болох зорилготой байсан. Анх хүүгийнхээ сурах бичгийг харахаар “юу билээ, ямар утгатай юм бол” гэж их уймардаг байлаа. Харин одоо харахаар их амархан санагддаг.

Хоёрдугаарт, би тархиа идэвхжүүлэхийг хүссэн юм. Энэ насан дээр шинэ зүйл сурахдаа удаан, мартамхай болдгийг миний үеийнхэн мэдэх байх. Би өөрийгөө залуу хүн гэж боддог. Тэгсэн атлаа тархиа ачаалахгүй байсаар үхжүүлэх хайран. Тиймээс шинэ хэл сурч, тархиа унтаа байдлаас гаргаж, сэрээхийг зорьсон юм. Түүнээс биш англи хэл зайлшгүй сурах шаардлага надад байхгүй л дээ. Хүмүүс тархиа ажиллуулахын тулд ном унших хэрэгтэй гэдэг. Гэхдээ ном уншихад учир бий. Эх хэл дээрээ ном уншмаар байвал хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны тухай ч юм уу, өөрийнхөө сонирхсон сэдвээр мэргэжлийн ном уншвал өөр хэрэг. Харин номын тойм, тэмдэглэл бичихгүй л юм бол эх хэл дээрээ уран зохиолын ном унших хангалтгүй. Д.Болдбаатар багш “Өдөрт ядаж 30 минутыг харь хэлээр бичигдсэн ном уншихад зарцуулж бай” гэж хэлсэн байдаг.

Гадаад хэл дээр ном унших үед л хүний тархи жинхэнэ ажиллаж, идэвхжиж, хөгждөг юм байна.

Тиймээс хэрвээ та нарт ажил, амьдралын шаардлага байвал англи хэлийг гүнзгийрүүлэн үзээрэй. Харин үгүй бол, зүгээр л тархиа сэргээхийн тулд, мартамхай, шинэ зүйл сурахдаа удаан болоод байвал англи хэлийг анхан, дунд түвшин хүртэл сураарай, гадаад хэл дээр ном уншаарай гэж захья. Хэрвээ онлайн сургалт үргэлжлээд байвал би хятад хэл рүү оръё гэж бодоод байгаа. Энэ дашрамд хэлэхэд, солонгос, япон, герман гээд заадаг хэлнийхээ цар хүрээг нэмбэл сурах хүсэлтэй хүмүүс миний эргэн тойронд их байгаа шүү. Тиймээс энэ талаар бодож үзээрэй. Төгсгөлд нь, “Гэгээ” төвийн бүх багш, ажилчдад баярлалаа гэж хэлье.

- Нээлттэй, сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Таны сурлага, хөдөлмөр, амьдралд өндөр амжилт хүсье.

Ярилцлагыг бэлтгэсэн: Англи хэлний багш Ц.Гэрэлтуяа

--

--

GEGEE Education Center
GEGEE Education Center

Written by GEGEE Education Center

Хятад, англи хэл болон аливаа эрдэм мэдлэгийг сурах өндөр мэдлэг чадвар эзэмшсэн орчуулагч, судлаач бэлтгэдэг Монгол улсын тэргүүний боловсролын байгууллага.

No responses yet